Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 (гурав) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалт нь 1) Материалын бүрдэл шалгах 2) Нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх 3) Ярилцлага гэсэн 3 үе шаттай явагдана.
А. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ХУУЛЬ ТОГТООМЖООР ТАВИГДДАГ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компани эсхүл түүний хараат, охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
5. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
6. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
7. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
8. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
9. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй байх;
10. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
11. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл хүлээгээгүй байх;
12. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
13. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
14. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
15. Харилцаа холбоо, мэдээ технологийн салбарын төрийн өмчит болон хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх.
Б. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр:
1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл (0311, 041101, 041201)-ийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил, санхүүгийн аудитын чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан байх;
1.2. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч (хугацаагүй), татварын мэргэшсэн зөвлөх байх, СЗХ болон ММНБИ-ийн Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх аудиторын “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”-ын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
1.3 Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан болон төрийн аудитын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр;
2.1. Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (061) чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистраас дээш зэрэгтэй, 15-аас доошгүй жил үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
2.2. Мэргэжлээрээ зөвлөх инженерийн зэрэгтэй байх;
2.3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр боловсролын доктор (Ph.D)-оос дээш зэрэгтэй, төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан болон төрийн худалдан авах ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно.
3. Инженерчлэлийн чиглэлээр:
3.1. цахилгаан эрчим хүч (0713), Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж (0732)-ийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистраас дээш зэрэгтэй, 15-аас доошгүй жил үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
3.2. Мэргэжлээрээ зөвлөх инженерийн зэрэгтэй байх;
3.3. Төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан болон төрийн худалдан авах ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно
НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
1. Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй);
3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/;
9. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
10. Холбогдох хууль тогтоомж болон нэр дэвшигчид тавигдаж байгаа нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР, ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн баримт бичгийг 2025 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн 17.30 цаг хүртэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9-р байр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 216б тоот өрөөнд хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх түр хороонд гэж хаяглан, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
3. Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
Нэмэлт мэдээллийг 267000 дугаарын утаснаас авна уу.
“МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХХК-ИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО