НЭГ. ЗОРИЛГО
1. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК /цаашид компани гэх/-ийн ажилтан, ажиллагсдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, ёс зүйн харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
ХОЁР. ТОДОРХОЙЛОЛТ
2. Энэхүү дүрэмд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
2.1 “доромжлох” гэж нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ.
2.2 “гүтгэх” гэж хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан байхыг хэлнэ.
2.3 “ялгаварлан гадуурхалт” гэж ажлын байран дахь харилцаанд хүн бүрийн шинж, нөхцөл байдлыг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
2.4 "хов жив" гэж ажлын орчин тойронд ажилтан, ажиллагсад болон удирдах албан тушаалтнуудын хооронд элдэв худал хуурмаг мэдээлэл, үг яриа тараах, мэдээллийг гуйвуулах, буруу ойлголт төрүүлэх, хүмүүсийн хоорондох харилцаанд таагүй уур амьсгал үүсгэх, бусдад тухайн хүний талаар эвгүй сэтгэгдэл төрүүлэх яриа тараахыг хэлнэ.
2.5 "авлига" гэж холбогдох ажилтан, ажиллагсад албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ.
2.6 “ажлын байрны дарамт” гэж ажилтан, ажиллагсдад эрүүл мэнд болон хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийг бий болгодог бодлогогүй зан байдал. Бодлогогүй зан байдал гэж хувь хүн болон бүлэг хүмүүсийг үл тоомсорлох, айлган сүрдүүлэх, доромжлох, дарамтлах, эвгүй байдалд оруулах буюу тэгж байх ёстой гэж үзэх явдал юм.
2.7 “бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ
3. Энэхүү ёс зүйн дүрэм нь компанийн нийт ажилтан ажиллагсдад (хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа) хамаарна.
3.1. Ажилтан ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд байх бүхий л хугацаанд үйлчилнэ.
3.2. Компаниас нэгдсэн байдлаар зохион байгуулж буй хурал зөвлөгөөн, сургалт семинар, үдэшлэг цэнгүүн болон компанитай холбоотой бизнесийн бусад арга хэмжээнүүдийн үеэр энэхүү дүрэм үйлчилнэ.
ДӨРӨВ. АЖИЛЛАГСДЫН ЭРХ ҮҮРЭГ
4. Ажилтан, ажиллагсад ажлын байранд биеэ авч явах байдал болон хэрэглэгч үйлчлүүлэгч, ажиллагсадтай харилцах харилцаа нь энэхүү ёс зүйн дүрэмд чанд нийцсэн байх ба дараах эрх үүрэгтэй.
4.1 Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, дүрэм, журамд захирагдах түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй.
4.2 Ажлын байранд тод этгээд өнгөгүй, хэт задгай биш ажил хэрэгч хувцас өмсөнө.
4.3 Хэн нэгэн ажилтан ялгаварлан гадуурхагдаж дээрэлхүүлж байгааг мэдсэн бол түүнд ёс зүйн хорооноос тусалцаа, зөвлөгөө авах талаар мэдээлэл өгөх эрхтэй.
4.4 Өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.
4.5 Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн, урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдээлэх үүрэгтэй.
4.6 Компанийн бичиг баримт болон цахим мэдээллийг гадагш авч гарахгүй байх, Компанийн нууцын жагсаалтад багтсан мэдээ, баримтыг задруулахгүй байх үүрэгтэй.
4.7 Захирал, газар, алба, хэлтэс, тасаг, нэгжийн дарга, ахлах, удирдах албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ:
4.7.1 Өөрийн үйл ажиллагаагаа энэхүү дүрэмд нийцүүлэн ажиллах.
4.7.2 Газар, алба, хэлтсийн дарга, ерөнхий инженерүүд, тасаг, нэгжийн ахлах ажилтнууд ажлын байрны эргэн тойрондоо энэхүү дүрмийг таниулах, сурталчлах
4.7.3 Бусад ажиллагсдын зүгээс ажлын байранд нийтээр зөвшөөрөгдөхгүй зан суртахуун гаргаж байгаа эсэхэд хяналт тавих
4.7.4 Ажлын байран дахь зохисгүй зан суртахуунтай холбогдолтой чухал гэж үзсэн аливаа санал, гомдлыг ёс зүйн хороонд мэдэгдэх
4.7.5 Хамт олны уур амьсгалыг эвдсэн элдэв худал яриа, хэрүүл маргааныг нэн даруй таслан зогсоохыг эрмэлзэх
ТАВ. ЯЛГАВАРЛАХ, ХАВЧИН ГАДУУРХАХ
5. Монгол улсын хуульд заагдсан ялгаварлан гадуурхах нөхцөлүүдийг хориглохын хамт мөн дараах нөхцөлүүдтэй хамааруулан бусадтай зүй бусаар харьцаж ялгаварлан гадуурхахыг хориглоно. Үүнд:
5.1. Хүйс
5.2. Гэрийн бүлийн байдал
5.3. Гарал үүсэл, яс үндэс
5.4. Шашин шүтлэг
5.5. Улс төрийн үзэл
5.6. Ажилласан жил
5.7. Албан тушаал
5.8. Гэмтэл бэртэл
5.9. Хүйсийн сонирхол, бэлгийн чиг хандлага
5.10. Нас
5.11. Биеийн гадаад төрх байдал: тарган, туранхай тахир дутуу, бие эрхтний гажиг, согог, тод сорив гэх мэтээр
ЗУРГАА. АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БЭЛГИЙН ДАРАМТ
6. Дор дурдсан зан үйлийг ажлын байранд гаргахыг хориглоно. Үүнд:
6.1. Бэлгийн харилцааны санал, хүмүүсийн биеийн байдлын эсвэл гадаад төрхийн тухай өдсөн үг яриа хэлэх эсвэл хүний биед хүрэх
6.2. Тухайн хүний хувийн амьдрал болон хүйсийн байдлаар нь зохисгүй байдлаар хандах
6.3. Бэлгийн эрх чөлөөнд халдах байдлаар хэл амаар доромжлох болон зохимжгүй байдлаар илэрхийлэх
6.4. Нийтийн мэдээллийн сайт эсвэл мессеж, и-мэйл, компьютер зураг, зурагт хуудас, зураг, сонин сэтгүүлд доромжилсон үг хэллэгийг агуулсан зохисгүй материал гаргах
ДОЛОО. ЗҮЙ ЗОХИСТОЙ ХАРИЛЦАА
7. Ажилтан, ажиллагсад ажлын байранд бусадтай харилцах харилцаандаа дараах зүйлсийг баримтална. Үүнд:
7.1. Ажилтан, ажиллагсад нь компанийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж хамт олон, олон нийт, иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хараал хэрэглэхгүй, доромжилсон зан авир, үйлдэл гаргахгүй байх
7.2. Компанийн бүхий л ажилтан, ажиллагсад эв нэгдлийг эрхэмлэж, ажлын байран дээрх аливаа зүй бус харилцааг нэн даруй таслан зогсооно.
7.3. Компанийн бизнесийн нэр хүндэд харшлах бүхий л мэдээ, мэдээллийг аливаа хэлбэрээр бусдад тараахыг хориглоно.
7.4. Компаниас эцэслэн шийдвэрлээгүй асуудлыг мэдсэн ажилтан энэ талаараа бусад ажилтан, ажиллагсад болон бусад этгээдэд урьдчилан мэдээллэх, эцэслэн шийдвэрлэгдсэн мэт ойлголт төрүүлэхийг хориглоно.
7.5. Хамт ажиллагсад болон харилцагчийн талаар хов жив тараахыг хориглоно.
7.6. Бүдүүлэг зан авир гаргах өндөр чанга дуугаар маргалдах, хэрэлдэх, бусадтай зүй бусаар харьцах, гүтгэх, доромжлох, аливаа хэлбэрээр дарамтлахыг хориглоно.
7.7. Бусдын ажлын өрөөнд зөвшөөрөлгүй opox, бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах, бусдын компьютер дээрх мэдээллийг хуулж авах, ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахгүй байх
НАЙМ. АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
8. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой дор дурдсан зүйлсийг хориглоно.
8.1. Аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ялгаварлан үзэх, амлалт өгөх, тэднээс шан харамж, зээл тусламж авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх
8.2. Аливаа улс төрч, улс төрийн нам эсхүл холбогдох байгууллага, улс төрийн намын албан тушаалтан болон нэр дэвшигчид шууд эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан хандив өргөхийг хориглоно.
8.3. Ажилтнууд албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авах, хөнгөлөлт эдлэх, хувийн харьцаа тогтоох, хувьдаа ашиг олох зорилгоор албан тушаалын нэр хүндийг ашиглахгүй байх
8.4. Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садны хүмүүс, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг хориглоно.
ЕС. ГОМДОЛ ГАРГАХ
9. Ажилтан нь Хууль тогтоомж, “Ёс зүйн дүрэм” болон холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн талаар мэдэгдэх, мэдээлэх, гомдол гаргах, асуулт асуух эрхтэй.
9.1. Ажилтан, ажиллагсад санал гомдлоо ёс зүйн хороонд мэдэгдэж шийдвэрлүүлж болно. Ажилтан, ажиллагсдын гаргасан мэдэгдэл, мэдээлэл, гомдлыг ёс зүйн хороо нууцалж ажиллана.
9.2. Ажилтан, ажиллагсад санал гомдлоо ёс зүйн хороонд бичгээр хүргүүлнэ.
9.3. Ёс зүйн хорооны эрх, үүрэг ажиллах үйл явцыг тусгай журмаар зохицуулна.
АРАВ.ХАРИУЦЛАГА
10. Ёс зүйн хороо нь санал гомдлын дагуу зохих шалгалт хийж ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргана. Уг дүгнэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирал /орон нутагт газрын дарга/-ын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж болно.
--o0o-----