Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүссэн сүлжээний тасалдлыг бүрэн засварлаж, сэргээлээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 46 минутад 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Мөн тус газарт 12 минутын дараа 16 цаг 58 минутад 4.3 магнитудын хүчтэй, Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар оройн 22 цаг 11 минутад 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж давтан хөдлөл 2 удаа бүртгэгдсэн байна. “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-н Хөвсгөл аймгийн газар нь Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэмтлийг 05-р сарын 03-ны 19:00 цагаас 05-р сарын 06-ны өдөр хүртэл 3 суманд засварлан ажиллалаа. Манай засварын багынхан сүүлийн 4 өдөр, шөнө тасралтгүй гэмтэл дээр ажиллаж байна. Бүрэнтогтох сумын гэмтэл 05-р сарын 03-ны 19:00 цагт аймгийн төвөөс 49 км-т Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн гол цөн түрж агаарын шилэн кабель тасарсан. Гэмтлийг засварлахад албан хаагчдын хүн хүч, машин техникийн хүчин чадал байгалийн давагдашгүй байдалд хүчин мөхөстөж нэмэлт баг аймгийн “Онцгой Байдлын Газар”-ын албан хаагчидтай 5-р сарын 3-ны гэмтлийн газар очин ажилласан. ОБГ-н албан хаагчидтай голоор завьтай 430м кабель гаргаж муфьтэнд залгаа хийн гэмтлийг засварласан. Рашаант сумын гэмтэл 05-р сарын 04-нд 08:23 цагт Сэлэнгэ мөрөн үерлэснээс Их-Уул сумаас Рашаант чиглэлийн шилэн кабель 17км-т тасарч Ерөнхий инженер КШИнженер нарын ахалсан 7 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг, аймгийн ОБГазрын албан хаагчдын хамт голоор завьтай гарч голын 2талд нэмэлт багана босгон кабелиа муфтлэн залгаа хийн 19:40 цагт гэмтлийг засварлаж сүлжээг оруулав. Цагаан-Уул сумын гэмтэл 05-р сарын 04-нд 22:08 цагт Бүрэнтогтох сумаас Цагаан-Уул, Цэцэрлэг чиглэлийн сүлжээ хяналтгүй болсон. Рашаант сумын гэмтэлд явсан 2 баг 05-р сарын 05-ны шөнийн 03:00 цагт аймгийн төвд ирж 06:00 цагт дахин гэмтэл засварлахаар гарч 08:00-д Бүрэнтогтох суманд очин хэмжилт хийхэд 54 км-т тасарсанг тодорхойлон цааш явсан. Цагаан-Уул сумын Тосон бригадын ойролцоо Бүрэнхаанаас 21км-т газар хөдлөлтөөс үүсэлтэй гэмтэл гарсанг тодорхойлсон. Булгийн тархи байдаг маш цэвдэгтэй газар хөдлөлтийн улмаас булаг түрж цууралт өгөн 4 талруу хагарсан байдалтай болсон байсан. Газар хөлдүү ажиллах нөхцөл маш хүндрэлтэй, гал түлэн газрыг гэсгээж кабелиа ил гарган, залгаа хийн 05-р сарын 06-ны 14:55 цагт сүлжээ сэргэсэн. Тус аймгийн 3 суманд гарсан гэмтлийг манай инженер техникийн ажилчид бүрэн засч хэвийн болголоо. Монгол улс "Бүх нийтийн бэлэн байдал"ын зэрэгт шилжсэн энэ үед Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК нь харилцаа холбооны сүлжээний тасралтгүй хэвийн байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын 295 сум суурин газрыг холбосон шилэн кабелийн үндсэн сүлжээний бэлэн байдлыг улсын хэмжээнд бүрэн ханган, ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа холбоог тасалдуулалгүй ажиллаж байна.