Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ажилтан, албан хаагчидтай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зорилтын хүрээнд санал солилцлоо.
Уулзалтад МХС ХХК-ийн Төв аппарат, Ашиглалтын газрын удирдах болон бусад, ажилтан, албан хаагчид биечлэн оролцсон бол 21 аймаг, дүүргийн газрууд цахимаар оролцож, харилцан мэдээлэл солилцсон юм.
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа нь хэрэгжиж буй цахим шилжилтийн гол дэд бүтэц болсон тус компанийг хөгжлийн дараагийн шатанд гаргах ажил нэн тэргүүний зорилт бөгөөд МХС ХХК-д ажиллаж буй нарийн мэргэжлийн баг хамт олны болон Цахим хөгжил харилцаа холбооны яамны дэвшилтэт, хамтын үйл ажиллагаа нь МУ-ын засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хэрэгжилтийн суурь болох юм.
Тус уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлсэн үгэндээ: -Харилцаа холбооны салбарын бодлого бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэвч өнөөгийн харилцаа холбооны салбарт төрийн тодорхой бодлого дутагдсанаас үүдэн засах, сайжруулах шаардлагатай нөхцөл байдал зохих төвшинд үүссэн. Асуудал бүрд анхаарч ажиллахад мэргэжилтэн нэг бүрийн дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал юм гэдгийг онцоллоо. -Стратегийн онцгой ач холбогдол бүхий салбарын үндсэн дэд бүтцээ эргэж харахгүйгээр урагшлах боломжгүй бөгөөд орчин цагийн хэрэглээ, хэв маягт нийцсэн инновацлаг, өрсөлдөх чадвар бүхий бүтэц, үйлчилгээг бүрэн цогцлоохын төлөө өнөөгийн ололт амжилтаа илүү сайжруулах чиглэлд улс төрийн бодлогын дэмжлэг үзүүлэхэд анхаарч, манлайлал үзүүлж, хурдтай, нягт хамтран ажиллахаа хариуцсан сайдын хувиар илэрхийлж байна гэв.