Дотоод хяналт, шинжилгээний алба нь 2021 онд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн газар, хэлтсүүдийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлийг тодорхойлох, бууруулах чиглэлээр албан даалгавар, зөвлөмж өгч, гүйцэтгэх удирдлагыг мэдээллээр ханган, шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилт тавьж ажиллалаа. 2021 онд нийт 13 газар, нэгжийг хяналт, шинжилгээ үнэлгээнд хамруулсан байна.
Нэг. Төлөвлөгөөт ажил, хяналт, шинжилгээ үнэлгээний хүрээнд:
- Улаанбаатар хотын сүлжээний газар, Төв, Хөвсгөл, Завхан, Архангай, Увс, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн газруудын Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт, 2020-2021 оны зорилтот түвшний төлөвлөгөөний биелэлт, үр дүнд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж гүйцэтгэсэн байна.
- Хяналтаар нийт 9 аймгийн 32 сум, 10 РРС, сайтын байр талбай, цамхгийн ашиглалт үйлчилгээ, техникийн бүрэн бүтэн байдал, техникийн ашиглалт үйлчилгээ, ХАБЭА-н нөхцөл байдал, компанийн болон хур системийн төслийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудтай танилцан, газар дээр ажиллаж, мэргэжил, арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлж ажилласан.
- Компанийн Шилэн дансны цахим системийн хөтлөлт, Шилэн дансны тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж гүйцэтгэсэн.
- Хөрөнгө оруулалтын хэлтсийн 2021 оны худалдан авах ажиллагаа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох журмуудын хэрэгжилт, үр дүнд хяналт, үнэлгээ хийсэн.
- Хяналт шинжилгээ үнэлгээнд хамрагдсан газар нэгжүүдэд илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан даалгаврууд болон тайлан дүгнэлтийг үндэслэн холбогдох газар, нэгжүүдэд ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашид анхаарч ажиллах асуудлаар зөвлөмжүүдийг хүргүүлсэн.
- Төв компанийн болон орон нутгийн газруудын удирдлагууд, ерөнхий инженер, ИТА, санхүүгийн ажилтнууд, ялангуяа шинээр томилогдсон ажилтнуудын мэргэжил, ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, зөвлөн тусалж ажилласан байна.
Хоёр. Компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм журмыг сайжруулах, боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- Орон нутгийн бизнесийн газар, Орон нутгийн хөгжлийн хэлтэст аутсорсингийн зардлын бүртгэл, тооцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай асуудлаар санал хүргүүлж, хамтран ажилласан байна.
- Компанийн санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгддөг нийт 9 журмыг шинэчлэн боловсруулж, төслийг Санхүү бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
- Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан компанийн “Хөдөлмөрийн дотоод журамд оруулах өөрчлөлт”-ийн ажлын хэсэгт ажиллаж, журмыг шинэчлэн батлуулсан.
- 2020 онд хийгдсэн хяналт, шинжилгээ үнэлгээгээр орон нутгийн газруудад техникийн ашиглалт үйлчилгээ, аутсорсинг, ХАБЭА, удирдлага зохион байгуулалт, дотоод ажил, албан хэрэг хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтэд нийтлэг гарч байгаа алдаа, зөрчлүүдийн талаар нийт орон нутгийн газруудад нэгдсэн зөвлөмж бэлтгэж хүргүүлсэн.
- Компанийн бодлого, чиглэл хариуцсан газруудаас ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ашиглалт, үйлчилгээ хариуцсан газруудад өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, дүгнэсэн.
- Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын шилэн дансны цахим системийн мэдээлэлд судалгаа хийж, Захиргаа, хуулийн хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтсийг мэдээлэл, зөвлөмжөөр хангасан.
- Удирдах ажилтны зөвлөгөөнд “2020 онд хийгдсэн хяналт, шинжилгээ үнэлгээ, анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, ярилцлага зохион байгуулсан.
- Компанийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хийгдсэн хяналт шалгалтад 2018-2020 онд хийгдсэн дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний тайланг танилцуулж, дүгнүүлсэн.
- Компанийн 2020 оны санхүүгийн тайлангийн хөндлөнгийн аудитад “2020 онд хийгдсэн хяналт, шинжилгээ үнэлгээний тайлан, албан даалгавар, акт, зөвлөмж, биелэлт, үр дүн”-г хянуулж, дүгнэлт гаргуулсан.
- Хяналт, шинжилгээ, үнэлгээний албан даалгавар, зөвлөмж, холбогдох албан тушаалтан, ажилтнуудад өгсөн мэргэжил арга зүйн туслалцааны үр дүнд 2021 онд аудит, ТӨБЗГ бусад мэргэжлийн байгууллагуудын шалгалтуудаар хяналт, шинжилгээ үнэлгээнд хамрагдсан газрууд зөрчил дутагдалгүй ажилласан.
Гурав. Компанийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд:
- Улаанбаатар хотын сүлжээний газарт УСУГ, УБЦТС, УБДС зэрэг инженерийн байгууламж бүхий газрууд сүлжээнд гэмтэл гаргасан тохиолдолд ямар ч нөхөн төлбөр төлдөггүй асуудлыг шийдвэрлэх, зарцуулсан бараа материалын үнийг тооцон авах байдлаар гэрээ байгуулахыг Улаанбаатар хотын сүлжээний газар, Үйл ажиллагааны газар, Санхүү бүртгэлийн хэлтэст тус тус үүрэг болголоо.
- Нийслэлийн мэдээллийн технологийн газар болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтын дагуу гарсан гэмтэлд компаниас зарцуулсан материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардлыг нэхэмжилж авахыг холбогдох газар хэлтсүүдэд үүрэг болгосон.
- Хяналт шалгалтад хамрагдсан УБХСГазар болон аймгуудад ашиглаагүй олон жил болсон олон хосын физик кабелийн үлдэгдэл их байгаа асуудлыг цэгцлэх талаар Санхүү бүртгэлийн хэлтэс болон Компанийн Өмч хамгаалах байнгын зөвлөлд зөвлөмж хүргүүлсэн.
- Зарим аймгийн газарт Иргэний тухай хуулийн 343; 359-р зүйлийн дагуу Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу өгсөн ажил үйлчилгээний төлбөрөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцоогүй зөрчлийг давтан гаргахгүй байх, Нийгмийн даатгалын тухай хуулийн 2-р зүйлийн 2.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.
- Цахим үйлчилгээний төв, хур системийн төслөөр хийгдэж байгаа цамхаг, барилгын ажлуудын хяналтыг сайжруулах, дутуу хийгдсэн чанарын шаардлага хангаагүй цамхаг, барилгын ажлын асуудлуудыг холбогдох газарт уламжилж, заавар зөвлөмж өгсөн байна.
Дотоод хяналт, шинжилгээний алба