Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК болон Монголын цахилгаан холбоо ХК хамтран 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, анхны эмэгтэй генерал, бригадын генерал Ганболдын Болорыг урьж Эмэгтэйчүүдийн оролцоо манлайлал сэдвийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймаг дүүргийн эмэгтэй ажилтнуудад онлайн сургалт уулзалт зохион байгууллаа.
Сургалтын өмнө ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Монгол Улсын анхны эмэгтэй Генерал Г.Болорт хүндэтгэл үзүүлэн Харилцаа холбооны салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг олгосон юм. Сургалтын үеэр Генерал Г.Болор нь орчин цагт эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, уян хатан байдал болоод нийгэмд идэвхтэй оролцоотой байж тэдний ур ухаанаар ямар олон том асуудлууд шийдэгдэж болдог тухай халуун яриа өрнүүлж, Зэвсэгт хүчний жанжин штабын Радио электроникийн туршилт судалгааны төвийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер, Хурандаа Р.Энхнасан Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээгдсэн Радио, станцын сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг хэрхэн сайжруулан бүтээсэн тухай танилцуулсан юм. Эх орныхоо бахархал болсон, Монгол Улсын анхны эмэгтэй Генерал Г.Болор таны цаашдын ажил үйлсэд тань амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.