Windows 10 үйлдлийн систем 2015 онд танилцуулагдахдаа Microsoft Edge нэртэй интернет хөтөчтэй байсан билээ.
Харамсалтай нь уг хөтөч Chrome, Opera, Firefox-ийг хурд, найдвартай ажиллагаа зэргээрээ давж чадаагүй тул төдийлөн олон хэрэглэгчтэй болоогүй. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Windows Central сайтаас Майкрософтыг Microsoft Edge-ыг орлох интернет хөтөч бүтээж байгааг талаар мэдээллээ.
Ингэхдээ тэд Гүүглийн Chrome-ыг бүтээхдээ ашиглаж байсан хөдөлгүүрийг (engine буюу тухайн програмын гол тархи, үйлдэл гүйцэтгэгч) ашиглах гэнэ. Энэ нь Майкрософтын шинэ хөтөч та бидний сайн мэдэх Chrome-той үйлдлийн хувьд тун төстэй байх аж. Харин хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч чадаагүй Edge хөтөч нь Майкрософтын бүтээж байсан EdgeHTML гэх хөдөлгүүрийг ашигладаг.
Шинэ хөтөч нь Майкрософтын Оффис програмуудтай сайн хоршин ажиллах нь гарцаагүй бөгөөд ингэснээр хэрэглэгчид илүү хурдтай, үр бүтээмжтэй ажиллах боломжтой болно.
Одоогоор энэ тухайд албаны мэдэгдэл гараагүй ч салбарын мэргэжилтнүүд тун удахгүй хэмээн хүлээж байна.